Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хооронд иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин хохирогчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтад авсан байна.
13 настай дагавар охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав
Мөн Багануур дүүрэгт 2019 оны нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарчээ. Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.