Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр тоо толгой нь цөөрч устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар тодорхой саналууд яригдсан байна.
Тухайлбал, сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Мөн тослог өндөртэй сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой. Холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломжтой зэрэг асуудлыг хөнджээ.
Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876,6 мянган толгой сарлагийг үржүүлж байна.