Хэдхэн сарын өмнө тайван замаар эхэлж, дэлхий нийтэд үлгэр жишээ болж байсан Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөдөр томоохон мөргөлдөөнд хүрч, дэлхий нийтийн анхааралд орлоо. Энэ үйл явдал Бээжингийн “Нэг улс-хоёр систем” зарчимд төдийгүй Азийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай учраас Хятадын засаг захиргаа анхаарлын төвдөө байлгаж байна.
Дэлхийн бизнесийн салбарынхны Ази руу гарах гол гарцыг Хонгконгийн өнөөдрийн нөхцөл байдал бөмбөрцөгийн эдийн засгийн өсөлтөд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй байгаа юм.
Энэ долоо хоногт Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хотоо аюулгүй газар биш хэмээн зарласан ч даваа гаригт эсэргүүцэгчид Олон улсын нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж, 300 гаруй нислэг саатахад хүрсэн. Жагсагчид онгоцны буудлынхнанд оройн бүх нислэгийг зогсоох шаардлага тавьж байсан юм.
Энэ өдрийн маргааш жагсагчид нисэх буудал руу дайран орж нэг зорчигч, нэг сэтгүүлчийг барьцаалах үеэр цагдаа нар хий, резинэн сумтай буу ашиглан, танхайрсан жагсагчдыг баривчилсан бол Хонконгийн шүүх жагсагчдыг терминалаас хөөн гаргах зөвшөөрлийг нисэх онгоцны буудлын засаг захиргаанд олгосон билээ.
Долоо хоногийн гурав дахь өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн нисэх онгоцны буудалд эсэргүүцэгчид баасан гариг гэхэд дахин эсэргүүцэл үзүүлэхээр төлөвлөсөн ч цагдаа нар жагсагчдыг хүчээр тараалаа. Энэ үеэр нэг жагсагч эмэгтэйн нүд гэмтсэн нь жагсагчдыг шинэ арга барилд шилжүүлэхэд хүргээд байна.
Жагсагчид “Кэшаут Эйч-Кэй-Ди тү Ю-Эс-Ди” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, мөнгөний автомат машиныг хоослон дансан дахь мөнгөө авч эхэлсэн байна. Ийм аргаар тэд Хятадад болон Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламд түгшүүрийн дохио өгөхийг хүсчээ.
Хонконгийн Хууль тогтоох хурлаар сэжигтэн шилжүүлэх тухай шинэ хуулийн төслийг анх танилцуулсан 03 дугаар сарын 29-ны өдөр рүү эргэн очъё. Шүүхээс зугтсан гэмт хэрэгтнүүд болон эрүүгийн хэргээр эрх зүйн харилцан тусламж үзүүлэх тухай хэмээн нэрлэсэн энэ хуулийг олон нийт Хятадын Засгийн газар засгийг эсэргүүцсэн хүмүүсийг хяналтдаа авахаар оролдож байна гэж хүлээн авсан юм.
Бээжин хүссэн хүн бүхнийг хариуцлагад татах боломжтой болно, тэр хэрээр хотын биеэ даасан байдалд аюул заналхийлэл учирна гэж үзсэн иргэд Хонконг даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн нь олон зуун мянган хүнийг хамраад байна.
Тайван өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн 6 сард ширүүсч, Хонконгийн төвд 7 цагийн турш, гурван километр үргэлжилсэн эсэргүүцлийн урт цуваанд нэг сая гаруй хүн нэгдсэн мэдээ байдаг. Энэ нь Хятадын засаг захиргааны онцгой бүсийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болсон юм.
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан ч эсэргүүцэгчид хуулийн төслийг хэлэлцэхээ бүрмөсөн зогсоох, Кэрри Ламын засаг захиргааг огцрохыг шаардаж байгаа юм.
Эсэргүүцэгчдийн насных нь хувьд авч үзвэл тал хувь нь 20-29 насныхан. Мөн 18 хувь нь 30-39 насныхан бол 25 хувь нь 40-өөс дээш насныхан гэсэн тооцоо гарчээ. Тэдний 78 хувь нь дээд боловсролтой, 21 хувь нь дунд боловсролтой, 59 хувь нь нийгмийн дундаж давхаргынхан 33 хувь нь дунджаас доош давхаргын хүмүүс байгаа юм байна. Тэдний улс төрийн үзэл бодол харилцан адилгүй ч тал хувь нь энэ арга хэмжээг улам нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.
Хонконгт өрнөж буй асуудалд Америкийн тал оролцож эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хонконгийн хямралын асуудлаар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах санал тавилаа. Тэрбээр “Си Жиньпин Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг түргэн, хүнлэг ёсоор шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэр гайхалтай удирдагч төдийгүй ард түмэндээ хүндлэгдсэн нэгэн” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.
Энэ долоо хоногт Америкийн зарим хэвлэлээр Хятадын Хонконгтой хиллэдэг хэсэгт Ардын зэвсэгт цагдаагийн бие бүрэлдэхүүн техник хэрэгсэлтэйгээ ирсэн, дайрах бэлэн байдалд орсон гэх мэдээлэл цацсан байгаа. Хятадын албан ёсны төлөөлөгчид өрнөдийн орнуудыг Хонконгийн эмх замбараагүй байдлыг илт дэмжсэн хариуцлагагүй мэдээлэл хийхгүй байхыг сануулаад байсан.
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Хонконгийн хямралыг Тяньаньмэний аргаар шийдвэл хоёр орны худалдааны яриа хэлэлцээнд муугаар нөлөөлөхийг Хятадын талд анхааруулжээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
1 comment
тусгаарлагдах л байх даа. энэ нь бусад хятадын мужуудыг салан тусгаарлахад дэм болно. энэ нь ашигтай хувилбар шүү