Мөрийтэй тоглоомын зуршилтай хүмүүс гэж хэнийг хэлдэг вэ: Мөрийтэй тоглох нь заримдаа дон болдог ба тухайн хүний сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндэд хор хохирол учруулах нь олонтаа. Гэвч мөрийтэй тоглогчид эмчлүүлэхээр ирэх нь ховор. Гэхдээ ихэнх мөрийтэй тоглогчид өөрийнхөө сэтгэл зүйг асуудалтай байна гэдгээ мэдэрч байдаг байна. Зарим тоглогчид сэтгэл гутралтай ч болох нь бий.
Үүнээс гарах аргыг эрэн хайж болно. Мөрийтэй тоглоомын мөн чанар, өөр төрлийн зугаацах үйл ажиллагааг тодорхойлж, зуршлаа өөрчлөх нь тэднийг эмчлэх хамгийн сайн арга болдог байна.
Мөрийтэй тоглох нь хэрхэн зуршил болдог вэ: Мөрийтэй тоглох гэдэг нь тухайн хүн мөнгөөр бооцоо тавихыг хэлэх ба энэ нь гол төлөв магадлал боломж дээр үндэслэсэн байдаг. Дэлхий даяар мөрийтэй тоглох нь ихээхэн тархсан байдаг ч ихэнх нийгэмд хууль бус байдаг. Мөрийтэй тоглоомны нийтлэг жишээгээр морины уралдаан, хөзрийн тоглоомууд, спортын уралдаан тэмцээн, лотто болон мөрийтэй тоглоомны машинуудад бооцоо тавих гэх мэт төрлийг дурдаж болно.
Мөрийтэй тоглоом нь явцын дунд тухайн хүндээ зуршил болон хэвшиж, сэтгэл зүйг хүндээр өвчлүүлдэг байна. Мэдээж хэрэг, мөрийтэй тоглох зуршил нь мансууруулах бодисуудтай адилгүй. Тухайн хүн яагаад мөрийтэй тоглоомын хамааралтай болсон бэ гэдгийг тайларлахад тусалж чадах гадаад “химийн бодис” агуулагддаггүй.
Тоглоомын явцад ялахыг хүсэх бодол нь мөрийтэй тоглоомын хамааралд оруулах шалтгаан болж өгдөг аж. Ихэнх мөрийтэй тоглоомчид хожихоосоо илүү алддаг. Тэгээд алдсан мөнгөө эргүүлэн авахыг хүсдэг. Тэд мөрийтэй тоглохын тулд мөнгө зээлэх, гэрийнхээ эд зүйлийг зарах, залилан хийх тэр ч бүү хэл хулгай ч хийхээс буцахаа больдог байна.
Гэвч тухайн хүн санхүүгийн хүндрэлд гүн автаж, алдах эргэлтэд орох хүртэлээ мөрийтэй тоглоомыг үргэлжлүүлсээр байдаг. Ийм эргэлтэнд орохыг мөрийтэй тоглоомны өвчлөлт гэж сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан нэрлэдэг аж.
Мөрийтэй тоглоомын өвчлөлт ба эрүүл мэнд: Мөрийтэй тоглоомны өвчин нь эрүүл мэндэд маш олон замаар нөлөөлдөг байна.
– Тухайн хүн эмх замбараагүй цагтай болсны улмаас ажилд нь нөлөөлдөг. Мөн зарим тоглоомны үйл ажиллагаа шөнө болдог учраас бага унтдаг болно.
-Мөрийтэй тоглогч нь мөрийтэй тоглохоос өөр юм бодож чадахгүй болдог учраас тэд цочимтгой, анхаарал муутай, гурангуй болдог.
-Мөрийтэй тоглогч нь санхүүгийн асуудалтай бөйдаг ба зарим нэг хүмүүст мөнгөний өртэй байж болно.
-Зарим мөрийтэй тоглогчид мөнгөө өсгөхийн тулд бусад гэмт хэрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдоход ойрхон болсон байдаг.
-Мөрийтэй тоглогч нь гэр бүлийнхээ үүрэг хариуцлагад хангалттай цаг, анхаарал тавьдаггүйгээс болж үе, үе ойр дотныхоо хүмүүстэй зөрчилдөж байдаг.
Хэрвээ мөрийтэй тоглоомыг орхихыг хүсвэл дараах зүйлийг хийгээрэй:
- Мөрийтэй тоглохын оронд хийж болох бусад үйл ажиллагааг тодорхойл. Эдгээр нь тухайн хүнд зугаатай байх бөгөөд ингэснээр мөрийтэй тоглох хүслийг хязгаарлаж чадна.
- Тухайн хүн мөрийтэй тоглодог орчноосоо, жишээ нь байнга очиж тоглодог уушийн газар, ресторан ч юм уу, хамт тоглодог найз нөхдөөсөө татгалзах нь зөв.
- Мөн өөрийнэ амьдралд чухал үүрэгтэй, өөрийнхөө асуудлыг сайтар ойлгодог, энэ хүнд үеийг даван туулахад туслах ойр дотны хүн, найз нөхдөө олоорой.
- Жишээ нь тоглоомын улмаас хуримтлуулсан өртэй байх нь түүнд хамгийн хэцүү асуудал болсон байна гэдгийг ойлгосон бол ойр дотны хүмүүс нь түүний мөнгөний авлагтай хүмүүсийг олж тогтоон, өрөө хэрхэн барагдуулах талаар төлөвлөгөө гаргаж өгч туслах нь чухал. Энэ нь түүнд өөртөө итгэх итгэлээ олж авахад туслах ба улмаар хүндрэлүүдээ шийдэх чадвар, итгэлийг өгсөн байх болно.
- Мөн өрөө төлөх мөнгө цуглуулах оролдлогыг хийлгэснээр мөрийтэй тоглоомоос салах, түүнээс ангид байж чадах чадварыг суулгана.
- Муу зуршлаасаа салах гэж байгаа бол хэсэг хугацаанзд гэр бүлийнхээ хүнд цалингийнхаа ихэнх хувийг өгч байх нь чухал. Ингэснээр цалингаа мөрийтэй тоглоомд зарцуулахаа болино.
- Зарим газарт мөрийтэй тоглоомны асуудалтай хүмүүст тусалдаг тусгай бүлгүүд байдаг. Тухайн хүнийг тийш нь явуулж, сэтгэл зүйн сургалтуудад суулгасан ч болно.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага
1 comment
Мөрийтэй тоглоомонд донтсон хүнд зөвлөгөө өгдөг ямар газрууд бдаг вэ