Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөх найман залуу багш нарынхаа хамт тэмцээний өмнөх хамгийн сүүлийн сургалтандаа хамрагдаад дуусч байна.
Улаанбаатараас урагш Жаргалантын аманд байрлах ИНЕГ-ын сувилалд хийсэн энэ удаагийн сургалтаар хүүхдүүд багш нар голдуу анхаарал төвлөрүүлэх, сэтгэл хөдлөлөө захирах, ой тогтоолт сайжруулахад чиглэсэн хичээлүүдийг сонсчээ.
Монголын оюун ухааны академийн Х.Хатанбаатар, лектор Чилаа буюу Монголын үг урлаачдын нийгэмлэгийн Г.Бандицэрэн, урлагийн бүтээлээр өөрийгөө олж нээн, тулгамдсан асуудлынхаа гарцыг мэдэх сонирхолтой аргыг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байгаа гэр бүлийн коуч, арт терапист Б.Байгалмаа нар хичээл заасан гэнэ.
ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын тэмцээнд дэлхийн 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорино. Манайхаас МСҮТ, Политехник коллежийн суралцагч 8 залуу 8 мэргэжлээр эксперт багш нарынхаа хамт оролцоно.
Хүүхдүүдийн хувьд хамгийн бага нь үсчний мэргэжлээр өрсөлдөх Н.Гэрэлт-Од. Тэрбээр энэ жил 18 нас хүрсэн. Өрөг угсралтын Г.Анх-Учрал 19, тогоочийн Л.Чибаяр, токарийн Т.Цогтсайхан, гагнуурын Т.Оюун-Эрдэнэ, цахилгааны Э.Рэнчин-Очир нар 20-той, харин сантехникийн мэргэжлээр оролцох С.Дашдэрэм, мужааны Н.Батбуян хоёр 21 настай. Бүгд “Монгол ур чадвар” тэмцээний ялагчаар тодорч дэлхийд өрсөлдөх эрхээ авсан шилдгүүд.
Эксперт багш нарын хувьд ч онцлох зүйл арвинтай. Дэлхийн ур чадварын тэмцээнд 3 дахиа явж буй нь Гагнуурын С.Батсайхан багш. Үсчний Л.Одгэрэл, токарийн Г.Оюунбат багш хоёр Бразилийн Сан-Паолуд “дарийн утаа” үнэрлээд ирсэн туршлагатай. Өрөг угсралтын Л.Эрдэнэчулуун, сантехникийн С.Батаа багш нарын хувьд Абу Дабид “тулалдаад үзчихсэн” хашрууд юм байна.