Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даянхаан” зоогийн газарт энэ сарын 08-нд зохион байгуулагдсан хүлээн авалтад орсон хүмүүс хоолны хордлогод өртсөн талаар мэдээлж байсан. Иргэд олноор хордсон зоогийн газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалт хийжээ.
Энэ үеэр хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн байна.
Шинжилгээний дүнгээр тухайн хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, мөн үлдэгдэл тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella/, мөн өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр тухайн хоолны хордлого үүсгэгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогджээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.
“Даянхаан” зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоогоор үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хэрэг нээн шалгалтыг үргэлжлүүлж байна.