Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Ажлын хэсэг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана. Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэгдсэн байна. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа 1088 сул ажлын байрны мэдээллийг байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангагдсан эсэх, удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал болон холбогдох дүгнэлтийн дагуу БСШУСЯ, НМХГ-т санал, дүгнэлтийг хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан” гэв.
2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44000 мянган багшид энэ сарын 27-30 –ны хооронд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5,3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношилгоог хийж байна. Энэ сарын 20-ноос нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийхээр судалж байна” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж 33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна” гэж мэдээлэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа “ Боловсролын хяналтын чиглэлээр хоёр үе шаттай хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. Энэ сарын 16-наас ирэх сарын 03-ны өдрүүдэд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжинд хийнэ. Дараагийн шалгалт нь энэ сарын 26-наас ирэх сарын 16-ны өдрүүдэд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ” гэлээ.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаныханд үүрэг болгож” дараагийн хуралдаанд дүүргүүдийн Засаг дарга нарыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс