Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засаж, ашиглалтад орууллаа.
Тус тасаг одоогоор 9 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7 эмч, 21 сувилагч, 4 туслах сувилагч, 4 асрагч ажиллаж байна. 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгээгүй байсан бол энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлыг 2 сарын хугацаанд бүрэн хийж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус тасгийг анх 1977 онд байгуулсан бөгөөд хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү барилгын засварын ажлыг ЭМЯ-наас дэмжин дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг “Жаргалан дулаан” ХХК хийж гүйцэтгэжээ. Барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн байна.
Ийнхүү Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортой ажиллах юм.