Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 80 дугаар тогтоолоор Дарви сумын “Соёлын төв”-ийг Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэнгийн нэрэмжит болгожээ.
Мөн алдарт хөгжмийн зохиолчийн намтар, бүтээл туурвилыг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Дарви сумын Соёлын төвийн дэргэд нэрэмжит “Алдрын танхим” байгуулж, нээлт хийлээ.
Дарви сумаас 180 гаруй алдартан, гавьяатан төрөн гарсаны нэг нь Д.Мяасүрэн юм. Тэрбээр 1953 онд “Алтан намар” анхны дуугаа зохиожээ. Түүнээс хойш “Нугасны дэгдээхэй”, “Хайрын сэтгэл”, “Мал маллах сайхан” зэрэг олон арван эстрадын, гоцлол дуу, төгөлдөр хуурын бэсрэг зохиол, хөгжимт драм, нэг ангит ардын бүжгийн жүжиг туурвисан байна.
Наян жилийн түүхттэй Дарви сумын “Соёлын төв” эрхлэгч, номын санч, өвийн мэргэжилтэн, бүжгийн багш, үйлчилгээний ажилтан зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй бөгөөд соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлөн дэлгэрүүлэх, хөгжүүлэх сургалт дугуйлан, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн ба соёл нийтийн ажил, мэдээлэл сурталчилгаа-номын сан гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Соёлын төвийн хамт олон морин хуур, уртын дуу, хөөмий, тууль, уламжлалт бий биелгээний төрөлжсөн дугуйлан хичээллүүлж, 30 гаруй авьяастан суралцагч бэлтгэж байна. Мөн энэ онд “Номч ухаан”, өсвөрийн уншигчдын клуб, “Цагаан хөлөг” өсвөрийн шатарчдын клуб байгуулжээ.