БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужаас 22 килограмм гаруй мансууруулах бодис хураан авж, хоёр этгээдийг баривчилсан талаар тус мужийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Баошань хотын цагдаагийн газарт мансууруулах бодисын хил дамнасан хууль бус наймааны талаарх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сарын эхээр ирснээс хойш цагдаагийн ажилтнууд Хятад-Мьянмарын хилийн Линьцан хотод мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Уг ажиллагааны дүнд долдугаар сарын дунд үеэр Ёндэ тойргоос хоёр сэжигтнийг баривчилж, 22.68 килограмм героин болон нэг тээврийн хэрэгслийг хураан авсан байна.
Саатуулагдаад буй этгээдүүд мансууруулах бодисоо Сычуань муж руу шилжүүлэн худалдахаар төлөвлөж байсан гэдгээ хүлээсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Юньнань муж нь мансууруулах бодисын үйлдвэрлэл болон худалдаа наймаа ихээхэн дэлгэрсэн “Алтан гурвалжин”-тай /Golden Triangle/ залгаа оршдог билээ.