Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.08.14/ нийт 311 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 236 дуудлага иржээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтжээ. Харин орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүгд онхолдох байдлаар бүртгэгдсэн байна.
Тодруулбал, наймдугаар сарын 14-ны өдрийн 06:10 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын “Нуурын босго” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22 километр/ асфальтан замд “Mitsubshi Colt” маркийн Э жолоочтой автомашин онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй Э нас барж, зорчигч 24 настай, эрэгтэй А гэмтсэн.
12:48 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, Зуунмод-Налайх явах чиглэлийн А25 дахь автозамд /Сумын төвөөс зүүн тийш 15 км/ асфальтан замд “Тоёота приус” маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Г нас барсан.
12:50 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг, Улаанбаатар-Багануур явах чиглэлийн А0105 дахь автозамд /Сумын төвөөс хойшоо 22 км/ асфальтан замд “Lexus470” маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй Б нас баржээ.
Иймд, жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.