“Россия сегодня” агентлагийн мэдээлснээр энэ сарын 13-ны өдөр НАТО-гийн F-18 байлдааны онгоц Балтын тэнгисийн төвийг сахисан усан хилийн орчимд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тусгай онгоцонд ойртох оролдлого хийжээ. Харин тухайн үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын Балтын тэнгисийн армийн Су-27 байлдааны хоёр онгоц уг оролдлогыг няцаан холдуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шойгу Калининградад болсон тэнгисийн армийн нэгэн сургуулийн шав тавих ёслол, олон улсын цэргийн тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцоод тусгай онгоцоор Москваг чиглэн нисч байжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, гадаадын нисгэгчгүй онгоц, тагнуулын онгоц Оросын БХЯ-ны эсэргүүцлийг үл тоон, Оросын хил болон ОХУ-аас Сирид байрлаж буй цэргийн баазын дээгүүр нислэг хийх нь олширч байгаа аж. Энэ сарын 12-нд Оросын агаарын сансрын хүчний Ту-95MS стратегийн бөмбөгдөгч онгоц Европын хойд тэнгисийн бүсэд ээлжит нислэг хийж байх үед Норвегийн байлдааны онгоцууд зарим бүсэд дагаж ниссэн байна. Мөн энэ сарын 8-нд Оросын агаарын сансрын хүчний дээрх онгоц Берингийн хоолойд үүрэг гүйцэтгэж байхад нь Америк, Канадын байлдааны онгоц зарим бүсэд Оросын цэргийн онгоцыг дагаж ниссэн гэж мэдээлжээ.