Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.
Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.
Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.