Амьдралын хэв маягаас шалтгаалаад дэлхий нийтэд таргалалт, илүүдэл жин асуудал болж байна. Ийм байхад жиндээ анхаарах нь гоо сайхан, эрүүл мэнд талаасаа тун зөв сонголт шүү дээ. Гэвч жингээ хасах гэж хоол тэжээл, амин дэмийн дутагдалд орж, эрүүл мэнд талаасаа эрсдэл хүлээвэл харамсалтай.
Энэ тухай өгүүлэхийн өмнө монголчуудын шим тэжээл, бие бялдарын нөхцөл байдлын талаарх судалгааны дүнгээс хүргэе. Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшинг тогтооход залуучуудынх хижээл насныхнаас муу байгаа нь сорилын дүнгээр илэрчээ. Тухайлбал, гурван залуу хүн тутмын нэг нь бие бялдарын хөгжил, чийрэгжилт хангалтгүй байхад 36-54 насны таван хүн тутмын нэг нь хангалтгүй байжээ. Үүнээс дүгнэхэд сүүлийн үед амьдралын хэв маяг өөрчлөгдөж, суурьшмал соёл иргэншилд шилжсэнээс хүн амын бие бялдар муудаж байгаа юм. Эрүүл мэнд талаасаа ч тэр. Үүнийг доорх яриагаар баталъя. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Энэ оны эхний ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус байгаа” гэсэн юм. Ингэхээр нийт монголчуудын дунд эрүүл хоололт, эрүүл амьдралын хэв маяг хамгаас чухал байгаа юм.
Эргээд турах тухай асуудалдаа оръё. Охид, бүсгүйчүүдийн турах тухай асуудал ч үүнд багтана. Учир нь, эмэгтэйчүүд турах дэглэм барьж, өдөрт авах уургаа нөхөж чадахгүй, тэр бүү хэл энэ нь сэтгэлзүйн эмгэг үүсгэж байгааг эмч нар анхааруулаад буй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэргийн эмч, магистр Д.Одончимэг “Бие хүний өөрийнхөө үнэлэмжтэй холбоотой асуудал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Үүний нэг тодорхой жишээ сошиалаар харагддаг шүү дээ. Тэгж ч дэглэм барьж байна. Ингэж ч турна гэх зэргээр бичсэн байдаг. Гэтэл энэ нь яг эрүүл амьдралын хэв маяг байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сайн судлахгүйгээр жингээ хэт барих гэж тураах элдэв бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс болж охид эрдэс, уургийн дутагдалд орж, асуудал хүндрэх тохиолдол гарч байна. Тухайлбал, над дээр биеийн жингээ барихын тулд хоолноос татгалзаад, сүүлдээ энэ нь сэтгэлзүйн эмгэг болтол хүндэрсэн хүмүүс ирж зөвлөгөө авдаг. Дөнгөж 20 нас гараад л сарын тэмдэг нь зогсчихсон. Үргүйдэл үүссэн гэсэн онош тавигдаад ороод ирж байна. Биеийн жингээ барихын тулд бодисын солилцоонд өөрчлөлт орох хүртэл арга хэмжээ авчихсан хүмүүс байгаа юм” гэлээ. Ингэхээр бүсгүйчүүд ээ турахад учир бий байх нь.
Тэгвэл эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр хэрхэн турах вэ. Хоолзүйчдийн зөвлөдөг алтан аргыг энд дурдъя. Нэгдүгээрт, уураг. Хангалттай хэмжээнд уураг хэрэглээгүйгээс болж бүх төрлийн эмгэгийн шалтгаан болох магадлалтай. Булчин сулрах, арьс үрчлээтэх, бодисын солилцоо удаашрах, дархлаа сулрах, гормоны хэмжээ тогтворгүйдэх зэрэг нь уураг бага хэрэглэснээр үүснэ. Хоёрдугаарт, ханасан өөх тос. Өөх тос бол эмэгтэйчүүдийн гоо сайханд нэн чухал. Гуравдугаарт, нүүрс усыг халаарай. Турахдаа эдгээр дүрмийг баримталбал, эрүүл мэндэд эрсдэлгүй байх юм. Туранхай байх байх сайхан ч эрүүл байх түүнээс сайхан.
3 comments
Mongold saihan alhaad yavchih talbai bii biluu youch baihgui humuus hudulguunii dutagdalj orj uvchind nermegdeed
туранхай байх гэдэг чинь эмгэг.цагаан хорхой ,архаг үрэвсэлтэй гм.харин гоолиг байнаа гэдэг чинь үзэсгэлэн төгөлдөр
туранхай байх гэдэг чинь эмгэг.цагаан хорхой ,архаг үрэвсэлтэй гм.харин гоолиг байнаа гэдэг чинь үзэсгэлэн төгөлдөр