Нийслэлийн орон сууцны корпораци нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах цахим бүртгэлийг зохион байгуулж дуусаад, өчигдрөөс сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс эхний ээлжинд журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлж, шалгарсан иргэд ажлын 3 хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгнө. Үүний дараа нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдах бөгөөд шаардлага хангасан иргэнд НОСК-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулж байранд нь оруулна.
НОСК-иас өнөөдөр сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
НОСК-ын захирал Б.Сүхбаатар “Сонгон шалгаруулах комиссын эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Мөн Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлсэн. Иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Энэ ангиллын 58 хүн шууд сонгогдчихсон. Эдгээр иргэд НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна. Энэ ангиллын сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1,356 гаруй иргэн хасагдаж байна. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан.
Комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, ангилал тус бүрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Цахим бүртгэлд нийт 35 058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсанаас:
- Залуу гэр бүл-4443
- Төрийн албан хаагч-6542
- Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч-9549
- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл-960
- Өрх толгойлсон эцэг/эх-3148
- Ахмад настан-7166
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл-3134
- Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд-116 иргэн бүртгүүлжээ.
Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдолыг бодитойгоор бууруулах үүднээс орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлж цахим бүртгэлд хамрагдсан иргэдэд Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа. Анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.
Өнөөдөр НОСК-иас өгсөн мэдээллээр, иргэдийн бүртгэлд тухайлбал орон сууцтай, нийслэлийн харъяа бус, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаггүй, гэр бүлийн байдлаа худал мэдээлсэн, хаягийн зөрчилтэй гэх мэт шаардлага хангаагүй асуудал нийтлэг гарч байна гэсэн юм.
Мөн иргэдэд анхааруулахад, түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг НОСК-иас санууллаа.