Хүрэн баавгайг барих, үргээх төхөөрөмжийг хамгаалалтын захиргаанд хуваарилан олгож эхэлжээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг амьдаар барих, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж болон баавгай үргээгч 336 ширхэг цацлаг хуваарилан олгож эхэлсэн байна.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтрэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам холбогдох хууль, журмын дагуу үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эхний ээлжийн хэрэгслүүдийг дуудлага болон мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч байгаа бөгөөд үлдсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч байгууллага гэрээнд заасан 10-14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Энэ үйл ажиллагаа нь хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагууд шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч иргэдийн аюулгүй байдлыг хангах, мөн хүн ба зэрлэг амьтдын хоорондын зөрчлийг бууруулахад чиглэж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
