Сонсголонгийн авто замыг хүйтэн асфальтбетоноор засварлав

2026-11-19 20:00
20261119-200037-file.jpeg
Сонсголонгийн авто замын эвдрэлийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөн засварлаж, замын тэмдэглэгээг энэ сарын 30-ныг хүртэл сэргээх ажил үргэлжилнэ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн авто замын эвдрэлийг хүйтэн асфальтбетон ашиглан засварлаж, нөхсөн талаар “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ мэдээллээ.

Тус байгууллагаас замын залгаас, заагийн хэсэгт үүссэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоны холимог ашиглан засварлажээ.

Нийслэлийн авто замын эвдрэл засварлах болон тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажил нь энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Мөн энэ онд есөн дүүргийн авто зам, тохижилтын байгууламжийн засвар, арчлалтад нийслэлийн төсвөөс нийт 50.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.