Хятадын эрдэмтэд хиймэл оюун ашиглан ДНХ-ийн туршилтыг автоматжуулсан лаборатори бүтээв

Хятадын Шанхай хотын Жяотун их сургуулийн эрдэмтэд молекул-биологийн туршилтыг бие даан төлөвлөж, гүйцэтгэх чадвартай “AutoDNA” нэртэй автоматжуулсан лабораторийг бүтээжээ.
Энэхүү хиймэл оюун лабораторийн тоног төхөөрөмжийг удирдаж, туршилтын үр дүнг шинжлэн, шаардлагатай тохиолдолд цаашдын үйл ажиллагааг хүний оролцоогүйгээр тохируулан явуулах боломжтой юм.
“AutoDNA” систем нь генийн болон молекулын биологийн судалгааг хурдасгах чадвартай гэж судлаачид үзэж байна.
Уламжлалт автоматжуулсан лабораторид туршилтын шат, дарааллыг мэргэжилтнүүд урьдчилан тогтоодог бол уг систем нь өгсөн даалгаврын дагуу туршилтын явцыг өөрөө зохион байгуулж чаддаг.
Систем нь шинжлэх ухааны бичиг баримттай танилцаж, туршилтын аргачлалыг боловсруулж, урвалж сонгож, төхөөрөмжийг удирдах, үр дүнг боловсруулах зэрэг үүргийг гүйцэтгэх хэд хэдэн тусгай агентаас бүрдэнэ.
Лабораторид 20 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг нэгтгэсэн робот систем ашиглаж, робот гарууд дээжийг шилжүүлж, автомат тунлагч төхөөрөмжүүд шингэнийг микролитрийн нарийн хэмжээгээр тохируулан хэмждэг байна.
Систем нь туршилтын шат дамжлагуудыг дараалан гүйцэтгэхийн зэрэгцээ завсрын үр дүнг хянаж, цаашид хийх алхмыг өөрөө шийддэг байна.
Гэсэн хэдий ч лабораторийн ажилтнууд урвалжийн нөөцийг нөхөх, материал солих, тоног төхөөрөмжийн засварыг хийх, аюулгүй байдлыг хянах үүргийг гүйцэтгэсээр байна.
“AutoDNA” системийн нэг онцлох туршилт нь ДНХ молекулд цахим мэдээлэл бичих явдал байв.
Систем нь өгөгдлийг нуклейн хүчлийн дараалал болгон хувиргаж, ДНХ-г нийлэгжүүлэн, мэдээллийг буцаан унших туршилтыг бие даан зохион байгуулжээ.
Туршилтад лаборатори 11,382 үйлдэл гүйцэтгэж, анхны өгөгдлийг алдаагүй сэргээж уншсан байна.
Судлаачид “AutoDNA” системийг генийн өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх, зарим хорт хавдрын үед илэрдэг KRAS G13D мутацийг илрүүлэхэд ашиглаж туршжээ.
Туршилт нь систем зөвхөн урьдчилан тогтоосон үйлдлийг гүйцэтгэхгүй, завсрын үр дүнг дүн шинжилгээлэх чадвартай болохыг харуулсан.
Мөн нэг зэрэг олон аргад ашиглах боломжтой тул уг систем туршилтын хурдыг үйлдэл дарааллахтай харьцуулахад 3.2 дахин нэмэгдүүлжээ.
Ийм технологийг эм бэлдмэл боловсруулах, удамшлын өвчнийг судлах, шинэ биоматериал бүтээхэд ашиглах боломжтой бөгөөд олон дахин давтагдах судалгаанд автоматжуулсан системийн ашиг тус өндөр байна.
Гэсэн хэдий ч “AutoDNA” одоогоор лабораторийг бүхэлд нь орлох универсал систем биш бөгөөд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, туршилтын төрлийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чадварыг сайжруулах шаардлагатай гэж судлаачид дүгнэж байна.
Энэ туршилтын талаарх эрдэм шинжилгээний өгүүллийг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
