Зэсийн баяжмал боловсруулах төсөлд БНХАУ-ын компани хамтран ажиллахаар шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар БНХАУ-ын “China Nonferrous Metal Industry’s Foreign Engineering and Construction” компани шалгарлаа.
Одоогоор тус компанитай хэлэлцээр хийх, гэрээний төслийг тохируулах, эцсийн хувилбарыг боловсруулах ажлууд явагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.
Сонгон шалгаруулалтын материалыг олон улсын нээлттэй цахим хуудсанд байршуулан, зэс, металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компани мэдээлэл авсан гэж Засгийн газар мэдээлэв. Үүнээс долоон улсын 13 компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлсэн бөгөөд төслийн туршлага, техник технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавхыг харгалзан үнэлжээ.
Төслийн багийн мэдээлснээр, энэ төсөл ашиглалтад орсноор ажлын байрыг нэмэгдүүлж, ашигт малтмалын боловсруулалтыг шат ахиулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Мөн катодын зэс боловсруулах замаар өндөр технологиор шингэсэн кабель утас, зэс нунтаг, хоолой зэрэг олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
