Кашмирын онцгой статусыг цуцалж, Шинэ Делигээс шууд захирдаг болгосон нь цөмийн зэвсэгтэй хоёр хөрш Энэтхэг, Пакистаны харилцааг муутгалаа.
Өчигдөр Пакистаны засгийн газар хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргажээ. Мөн Энэтхэгт суудаг өөрийн элчин сайдыг буцааж татахаар болсныг Пакистаны гадаад хэргийн сайд Шах Мэхмүүд Куреши үндэсний телевизээрээ мэдэгдсэн байна.
Кашмирын статусыг өөрчилсөн асуудлыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болсныг бас зарлажээ.
Энэтхэгийн захиргааны муслим хүн ам голлодог Кашмир мужид өнөөдөр цэргийн хатуу хяналт тогтоогоод байгаа юм. Мягмар гарагт Энэтхэгийн парламент тус мужийн өөртөө засах тусгай эрхийг цуцлах шийдвэр гаргасан.
Энэтхэгийн засгийн газар энэ мужийн гар утас, интернэтийн сүлжээг нь хааж, гадаад ертөнцөөс таслаад байгаа.
1947 онд Энэтхэг улс Британийн колоничлолоос гарсны дараа Пакистан улс салан тусгаарлагдсан. Энэ үеэр Хималайн уулсын дунд оршдог Кашмирыг хоёр улс хувааж захирах болсон ч бүхлээр нь эзэмших маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилдэг юм.
Энэтхэг, Пакистан улсууд Кашмирт хоёр удаа дайн хийж байсан бөгөөд Энэтхэгээс салан тусгаарлах хөдөлгөөн олон арван жилийн турш үргэлжилж, нийт 70,000 гаруй хүний амь үрэгдээд байгаа.
Өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн Кашмир нь өөртөө засах онцгой эрх эдэлж, өөрийн туг далбаа, үндсэн хууль, засаг захиргаатай байсан юм. Өөртөө засах эрхийг нь сая цуцалснаар Кашмир муж Шинэ Делигийн шууд захиргаанд шилжиж, Энэтхэгийн бусад мужуудын адил статустай болж байна.
Эх сурвалж: AFP