Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудлуудад мэдрэгч суурилуулж ачаатай туршилт эхлүүллээ

2026-11-06 12:00
20261106-120021-file.jpeg
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудлуудад 180 гаруй мэдрэгч суурилуулж, 98 кабинд 750 кг элс байрлуулсан ачаатай туршилтыг эхлүүлжээ. Туршилтыг "Bureau Veritas" байгууллага хянаж, барилга угсралтын ажил 85-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дүүжин замын тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудлууд нийт 180 гаруй мэдрэгчтэйгээр тоноглогджээ. Төслийн хүрээнд 98 кабинд тус бүр 750 кг элс байршуулсан бөгөөд ачаатай туршилтыг эхлүүлсэн байна.

Төслийн шугам сүлжээний инженер М.Гэрсэнзийн мэдээлснээр, кабин бүрт 30 шуудай элс байрлуулж турших бөгөөд нэг шуудай элс нь 25 кг жинтэй гэлээ. Элсийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан жин дээр хэмжиж, энэхүү туршилтаар системийн бүх тохируулгыг хянаж ажиллана. Туршилтаар энгийн нөхцөлд систем хэрхэн ажиллахыг тодорхойлох зорилготой байна.

Ачаатай туршилт долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд системийн ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шалгалт хийх “Bureau Veritas” байгууллага ажиллана. Тус байгууллага нь системийн удирдлага, бүрэн бүтэн байдал, инженерийн системийн аюулгүй байдлыг шалгахын зэрэгцээ төслийн зураг төсөл, норм, стандартын хэрэгжилт, ашигласан материал, гүйцэтгэлийн чанарыг үнэлж, ашиглалтын явцад үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох юм.

Мөн Яармаг-Арцат буудалд 40 гаруй нэр төрлийн 100 гаруй, Хархорин буудалд 40 гаруй нэр төрлийн 80 гаруй мэдрэгч суурилуулагдаж, эдгээрийн ажиллагааг шалгах, хөндлөнгийн баталгаажуулалт хийх ажил эхэлсэн байна.

Мэдрэгч болон системийн ажиллагааг шалгах ажил 10 гаруй хоног үргэлжлэх ба уг шалгалтын дараа улсын комисс ажиллахаар төлөвлөжээ.

Төслийн Яармаг, Арцат болон Хархорин буудлын барилга угсралтын ажил одоогоор 85-89 хувийн гүйцэтгэлтэй байна.