The MongolZ баг Зүүн Азийн Mobile Legends тэмцээнд түрүүлэв

The MongolZ баг нь аравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын M Bank Arena-д зохион байгуулагдсан Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын Зүүн Азийн аварга шалгаруулах (MCT EA) тэмцээний ялагч боллоо.
Тус баг эхлээд доод хүснэгтийн шигшээд Хятадын Guangzhou Gaming багийг 3:0-ээр хожиж, дараа нь их шигшээ тоглолтод DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-аар ялж аваргын цом гардаж авсан байна.
Ингэснээр The MongolZ баг ирэх оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод болох M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд шууд оролцох эрхээ авлаа.
Тэмцээний зохион байгуулагч MOONTON Games болон Монголын цахим спортын байгууллага (ESN) хамтран шинэ “Immortality Armour” (Үхэшгүй хуяг) механикийг анх удаа нэвтрүүлсэн байна.
DFYG баг хасагдах журмын турш нэг ч хожигдолгүй явсан бөгөөд “Immortality Armour” давуу эрхтэй байсан тул аварга болохын тулд дөрвөн ялалт л шаардлагатай байжээ.
Гэвч The MongolZ баг дөрөв дэх ялалтаа авч давуу эрхийг нь хүчингүй болгож, тав дахь шийдвэрлэх тоглолтод ялаад Монголын баг аваргын цомыг хүртсэн юм.
M8 тэмцээний үндсэн шатанд The MongolZ баг дэлхийн шилдэг 16 багийн нэг болж оролцох бол DFYG болон Guangzhou Gaming багууд Wild Card шатанд оролцож, үндсэн шатны үлдсэн гурван эрхийн төлөө өрсөлдөнө.
Улаанбаатарт болсон энэхүү тэмцээн нь M Series буюу MLBB-ийн дэлхийн аваргын системтэй шууд холбогдсон Зүүн Азийн бүсийн анхны тэмцээн болж байгааг тэмдэглэсэн байна.
