Манай улс анх 2005 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн 18 орны нэг болоод буй.
Монголын Эрэгтэйчүүдийн Холбооноос санаачлан 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-тэй болох талаар санал асуулга явуулсан нь дэмжигдсэн байдаг. Мөн энэ өдөр аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр юм.
Өдгөө энэ өдрийг манай улс 15 дах жилдээ тэмдэглэж байна. Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр иржээ.
Өнөөдөр “Аавуудын өдөр”-т зориулж:
10:00 цагт Налайх дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд “Аавуудын бэсрэг наадам” болно.
11:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын төвд “Аавуудтай санал солилцох чуулга уулзалт” болно.
12:00 цагт Багануур дүүргийн Иргэний танхимд “Аавууд, хүүхдүүдийн тэмцээн” болно.
13:00 цагт Багахангай дүүргийн Иргэний танхимд “Гэр бүлийн харилцаа” хэлэлцүүлэг болно.