Дуучин Э.Агиймаа барилгын компаниудаас залилуулсныг мэдээллээ

Дуучин Э.Агиймаа хоёр барилгын компанид орон сууц болон зуслангийн байшинг 100 хувь төлсөн хэрнээ бараа бүтээгдэхүүн авч чадахгүй, мөнгөө буцаан авахаас боломжгүй болсон тухай мэдээллээ.
Тэрбээр 2024 оны 1-р сард “Brilliant apartment” төслийн гурван өрөө байр болон гаражийг бүрэн төлж захиалсан бөгөөд ашиглалтад орох хугацаа 2025 оны 4-р улиралд байхаар гэрээ байгуулсан байна. Гэвч 2025 оны 6-р сараас барилгын ажил удааширч, 2026 оны 3-р сард бүрэн зогссон ба уг компанийн удирдлагууд алга болсон талаар мэдээлэв. Уг фирм ойролцоогоор 800 иргэдийг хохироосон байж болзошгүй талтай бөгөөд хохирогчид эрх баригчдаас хариуцлага нэхэж байна.
Мөн 2026 оны 2-р сард Э.Агиймаа “Mentor house” компанитай зуслангийн байшин бариулахаар RX 450 автомашинаа бартерын хэлбэрээр шилжүүлсэн. Гэвч авто машиныг 50 сая төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд амласан хугацаанд байшин хүлээж өгөөгүй байна. Удирдлагууд дуучны нэрийг ашиглан бусдаас захиалга авч, залилангийн асуудал үүсгэлээ гэж мэдээлжээ.
Э.Агиймаа залилангийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль тогтоомж болон хуулийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах шаардлагатайг онцлоод, хууль хяналтын байгууллагаас хохирогчийн эрхийг хамгаалж, дахин гэмт хэрэг гаргах боломжийг хаахыг хүсэв.
Иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа баригдаж дууссан байрыг сонгох, хямд үнэ, яарсан шийдвэрээс болгоомжилж, эрхийн бичиг, улсын бүртгэл болон барьцааны байдлыг сайтар шалгахыг зөвлөжээ. Түүнчлэн гэрээ хийхээс өмнө хуульч болон нотариатаас зөвлөгөө авч, төлбөрийн баримтаа хадгалахыг санууллаа.
Энэ арга хэмжээг авахгүй бол насан туршийн хөдөлмөрөөр олсон мөнгийг залилангийн эрсдэлд оруулах эрсдэлтэйг дуучин анхааруулав.
