Монгол, БНХАУ хоёр улсын дипломат харилцааны түүх

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтсон байна.
Монгол, Хятадын хилийн шугам 4709.6 километр үргэлжилдэг бөгөөд 1950 онд Улаанбаатар, Бээжин хотуудад Элчин сайдын яам харилцан нээжээ.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он) ба Хилийн гэрээ (1962 он) зэрэг эрх зүйн баримт бичгүүд байгуулагдаж, харилцааны үндсийг тавьсан.
1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэ нь одоогийн харилцааны эрх зүйн үндэс болсон юм.
2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс сайн хөршийн харилцаа, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцжээ.
2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Хятадын хилийн боомт, дэглэмийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг тогтоохоор тохиролцсон.
2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр Монгол, Хятадын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хамтран байгуулжээ.
2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж эхэлсэн байна.
