Төв аймагт баавгай малчны өвөлжөө рүү орж, гэр орон сүйтгэжээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай орж, гэр орон, эд хөрөнгийг эвдэлжээ.
Энэ сарын 5-ны шөнө тус айлын гадаа баавгай ирж, ууттай аарц идэж байсныг сумын Онцгой комисст дуудлагаар мэдэгджээ. Баавгайг буудаж, холдуулах үед үхрийн шийр, арьсыг чирэн зугтсан байна.
Гэвч 6-ны шөнө баавгай дахин ирж, айлын илүү гэрт хадгалж байсан 120 сав аарц болон бусад цагаан идээг идэж, сав суулгыг эвдсэн байна.
Үүний дараа сумын Онцгой комисс зөвлөмж гаргаж, цагаан идээ, аарц, өрөм зэрэг хүнсний зүйлсийг гаднаас зайлуулж, цэгцлэн Багануур руу авч явсан аж.
Харин 7-ны өглөө айлынхан гэртээ ирэхэд баавгай дахин нэвтэрч, амьдардаг гэрийг нь сүйтгэсэн байжээ.
Эдгээр дуудлагын дагуу Төв аймгийн Байгаль орчны газар, Багануур дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дулаан мэдрэгчтэй дроноор тухайн орчимд эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Иргэд, малчид баавгай дахин ойртож болзошгүй учир өөрсдийн болон гэр бүлийн аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангаж, баавгайтай ойртох, хөөж туухыг оролдохгүй байх, хүнс, мах, аарц, цагаан идээ болон бусад үнэртэй зүйлсийг ил задгай хадгалахгүй байхыг анхааруулж байна.
