Н.Учрал малчдыг хохиролгүй болгох үүрэг өгч, халдварт ямааны өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2026-10-07 15:011min
20261007-150112-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал ямааны гоц халдварт өвчинтэй холбоотойгоор малчдыг хохиролгүй болгох, вакцин үйлдвэрлэх санхүүжилт шийдвэрлэх, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэ оны есдүгээр сард Говь-Алтай, Төв аймгийн зарим сумдад ямааны годрон өвчин батлагдсан талаар мэдээлэв. Одоогийн байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн бөгөөд 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн өвчний халдварласан хээлтүүлэгч малыг арван аймгийн 13 байршилд нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хилийн чанадад мал нэвтрүүлэх зам, гарал үүсэл болон импортын баримт бичгийг шалгах ажил явагдаж байна. Мөшгөн тандалт, лабораторийн шинжилгээг эрчимжүүлэх, өвчний тархалтыг зогсоох, нөөц санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. “Биокомбинат” ямааны годрон өвчний вакцин гаргаж авахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдээлсэн.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Эрхүү мужид халдвар гарсантай холбоотойгоор тусгаарлалт, хилийн хяналтыг сайжруулж байгааг онцлов. Ерөнхий сайд Н.Учрал малчдыг хохиролгүй болгох асуудлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, вакцин үйлдвэрлэх санхүүжилт болон нөхөн төлбөрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх, дараа нь буруутай этгээдээр төлбөр төлүүлэх чиглэл өглөө.

Шуурхай хурлын үеэр дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Үүнд Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлэх, халдвар тараах нөхцөл бүрдүүлсэн этгээдийг шалгах, хариуцлага тооцох, малчдыг хохиролгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх, сэжигтэй хээлтүүлэгч малыг мөшгих, өвлийн хүнсний нөөцийг бүрдүүлэх, халдваргүйтгэлийг сайжруулах зэрэг ажлууд багтаж байна.

Мөн мал хээлтүүлгийн улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчний эрсдэлтэй бүс нутгаас хээлтүүлэгч малыг худалдаж авахгүй байх, малчдад сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах үүрэг өгчээ. Түүнчлэн холбогдох төрийн байгууллагууд нь мэдээлэл солилцож, махны үйлдвэрлэлийн тоон мэдээллийг нэгтгэн, зөрүүг арилгах чиглэл өгсөн байна.