УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулж, 2023 оны 9-р сарын 11-нд DParliament цахим платформд байршуулан иргэдийн саналыг авч эхэлсэн байна.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл нь Монгол Улсын төрийн шагналын тогтолцоо социалист нийгмийн үеийн үзэл санаанд тулгуурласан бөгөөд одоо хэрэгжиж буй тогтолцоо нь чөлөөт зах зээлийн нөхцөлд зохицсон биш гэдэгт үндэслэгдэж байна.
1992 оны Үндсэн хуулиар хувь хүн, байгууллага өөрийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг цалин, өмчийн аргаар авах болсон учраас төрийн шагналуудыг тухайн салбарын олон нийтийн байгууллагууд олгох нь илүү зохимжтой гэж үзжээ. Харин төрийн тусгай чиг үүргийн албан хаагчдын гавьяа, иргэдийн баатарлаг үйлсийг төр үнэлж шагнах нь нийтлэг практик юм.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн шагналын эрх зүйн үндэс, хуваарилалтыг тодорхой заасан хэдий ч төрийн шагналтай холбоотой харилцааг системчилсэн, бие даасан хуулиар зохицуулсангүй. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, салбарын журам зэрэг олон төрлийн салангид актуудаар энэ асуудлыг зохицуулж байна.
2024 оны статистикаас харахад боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд зэрэг харьцангуй бага цалинтай, ажлын ачаалал өндөр салбаруудад төрөөс олгох шагналын тоо өндөр байна. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмжийг эдийн засгийн аргаар бус, шагналаар орлуулах хандлага байгааг илтгэж байна.
Төрийн шагналд зарцуулах төсвийн хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь энэ тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулж байна. Тухайлбал, 2023 онд яамдын шагналд 26592 ширхэгт 2 тэрбум төгрөг, 2024 онд 33736 ширхэгт 2.8 тэрбум төгрөг зарцуулж, зардал 36 хувиар өссөн байна.
Шагнал олголт нь салбар бүрт стандартгүй, зарцуулалт болон шагналын тоо харилцан адилгүй байгаа нь уг тогтолцооны үр ашиг болон хөдөлмөрийн үнэлэмжийн зарчимтай нийцэхгүй байгааг илэрхийлнэ.
Мөн олон нийтийн дунд шагнал олголтод албан тушаал, танил тал, улс төрийн нөлөөлөл ихсэж, шагналыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн шүүмжлэл нэмэгджээ.
Дэлхийн туршлагаар төрийн шагналын тогтолцоог бие даасан хуульд системчилсэн, ил тод, шударга шалгууртайгаар зохицуулдаг байна.
Тиймээс энэхүү хуулийн төсөлд төрийн шагналын зорилго, нэр төрөл, шалгуур үзүүлэлт, шийдвэр гаргах журам, хяналтын тогтолцоог хуульчлан тодорхойруулах, ил тод, шударга байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьжээ.
Энэхүү хууль батлагдсанаар иргэдийн шударга ёсны итгэл дээшилж, төрийн шагналын харилцааг өнөөгийн салангид, тодорхой бус эрх зүйн орчноос гаргаж ил тод, хяналттай болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх боломжтой болох юм.
Хуулийн төслийг одоогоор 600 гаруй хүн үзэж, дөрвөн хүн саналаа илэрхийлсэн байна.
