ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Монголын говийг бүртгүүлэхэд бэлтгэл ажил явагдаж байна

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд “Монголын говь” цөл нутгийг бүртгүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчидтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзлаа.
Шинжээчдийн баг есдүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт хээрийн үнэлгээ хийж, тухайн бүс нутгийн байгалийн онцлог, хамгаалалтын менежмент, дэлхийн өвийн шаардлагыг хангах боломжийг газар дээр нь судалсан байна.
Уулзалтын үеэр Ш.Батбаяр Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй дэлхийд хосгүй цөлийн экосистемийг хадгалсан онцгой нутаг гэж тэмдэглэв.
Тэрбээр энэхүү байгалийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, хамгаалалтын арга хэмжээг улам сайжруулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.
