Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа.
Тэрбээр багш, сурган хүмүүжүүлэгчдэд улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэхэд зориулан хүчин зүтгэж байгаад талархал илэрхийлэв.
Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил шалтгаалдаг тул багш нарын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэж онцлов.
Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Тэрбээр эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэл мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах илүү олон боломж бий болохыг тодотгосон юм.
Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрх, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байх баталгаа гэдгийг онцлон хэлэв. Сурлагын амжилт хүсэн ерөөлөө.
