Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 360 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх аж.
Төслийг 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулснаар баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
Мөн энэ станц нь 100 орчим байнгын ажлын байр бий болгож, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоор төлөвлөгдсөн байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Төслийн менежерийн мэдээлснээр жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах замаар нүүрсний хэрэглээг 110 мянган тонноор бууруулж, жилд 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг сайжруулах ач холбогдолтой гэж тэмдэглэв.
Эрдэнэбүрэний станцын бүтээн байгуулалт одоогоор 40 хувьтай үргэлжилж байна. Үндсэн туннелийн 4 хэсэг болон барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбож, ус дамжуулах 385 метр урт туннелийн барилга дууссан.

Барилгын суурийн ажил бүрэн гүйцэтгэсэн бөгөөд ус хуримтлуулах худаг болон генераторын эхний давхаргын бетон цутгалтыг дуусгасан. Одоо 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна.
Төсөлд 11 тэрбум куб метрийн багтаамжтай усан сан, далан барьж, 24 км урт, 4 км өргөн нуур үүсгэхээр төлөвлөсөн байна.
Ховд аймагт хүрэлцэн очсон БНХАУ-ын Элчин сайдын түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилж, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа гэдгийг онцлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан тухайгаа тодотгосон юм.
Тэрбээр энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг холбогдогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Баруун бүсийн эрчим хүчний жилийн хэрэглээ ойролцоогоор 160 сая кВт.ц байгаа бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэнэ. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авдаг байна.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлыг БНХАУ-ын “Пауэр Чайна” компани гүйцэтгэж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
