Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажил үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Ахлах ахлагч Э.Үнэнбат 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Ингэт сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад биеийн 70% түлэгдэж, БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байгаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов.
Талийгаач 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.