Монгол Улс 2024 онд аялал жуулчлалын өсөлтөө үргэлжлүүлж байна

2026-09-11 19:001min
20260911-190038-file.jpeg
Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 705 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос 17.9 хувиар өссөн байна. Монголын аялал жуулчлалын салбарын орлого, өсөлт Ази Номхон далай бүсэд дээгүүрт бичигдэж байна.

Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд энэ зорилтод хүрэхэд ойрхон байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад 705,098 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буюу 106,896-аар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн дөрвөн жилд жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байна.

2022 онд 286 мянган жуулчин хүлээн авсан бол 2023 онд 594 мянга, 2024 онд 727 мянга, 2025 онд 847 мянгад хүрсэн байна. Энэ өсөлтийн дийлэнх хэсгийг Орос, Хятад, БНСУ зэрэг Зүүн Азийн орнуудын жуулчид бүрдүүлж байгаа бөгөөд оны эхний найман сард ОХУ-аас 239,134, БНХАУ-аас 171,497, БНСУ-аас 128,589 жуулчин иржээ. Мөн Япон Улсаас 30,417, Казахстанаас 16,870 жуулчин Монголыг зорьсон байжээ.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын 2026 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын өсөлтөөр 39 хувиар дөрөвдүгээрт, аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр 29 хувиар хоёрдугаарт, орлогын өсөлтөөр 27 хувиар гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Мөн дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны жагсаалтад 39 хувийн өсөлтөөр дөрөвдүгээрт оржээ.

Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлт хоёр их наяд төгрөгт хүрсэн ч энэ онд олгож буй зээлийн хэмжээ 250 тэрбум төгрөг байна. Өмнөх хоёр жилд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.