Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн захирамжаар тус аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын зааг дахь Улааны холимог металлын ордод олборлолт хийж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар долдугаар сарын 25-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм байна.
Засаг дарга М.Бадамсүрэн уг захирамжийг гаргахдаа Онон, Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны хүсэлтийг үндэслэсэн аж. “Шинь шинь”-ийнхэн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх маш их хэмжээний ус ашиглаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүй нь дээрх шийдвэрийг гаргах үндэслэл болсон аж. Тус компанийнхан Усны тухай хуулийн 28.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ” гэснийг зөрчсөн байжээ.
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.3- т заасан “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэх заалтыг зөрчсөн, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байгааг Онон, Улз голын сав газрын захиргаа болон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон учраас ийм арга хэмжээ авах болсон аж.
Бидэнд олдсон мэдээллээр “Шинь шинь”-ийн үйл ажиллагааг МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн өвлөөс дахиад шалгаж буй бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм.