Сагсайн бүргэдийн баярын тасалбарыг 50 ам.доллароор борлуулж эхэллээ

“Аян трэйвел” компани болон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсайн бүргэдийн баяр” энэ сарын 17-18-нд болгох гэж байна.
Ес дэх удаагийн баярын тасалбарыг өчигдрөөс 50 ам.доллароор борлуулж эхэлсэн талаар зохион байгуулагчид мэдээлэв. Тасалбарын үнэ нь хоёр өдрийн хөтөлбөрт багтсан үйл ажиллагаануудыг хамарна.
Үүнд бүргэдчиний парад, бүргэдээр ан хийх, дуудах тэмцээн, казах үндэстний уламжлалт нүүдэл соёл, гэр барих горим, гар урлал, морин спортын үзүүлбэр болон үндэсний урлагийн тоглолтууд орно.
Энэхүү баяр нь бүргэдээр ан хийх өв соёлыг дэлхийд сурталчилан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжихэд чиглэгдсэн Монгол Улс дахь томоохон гурван баярын нэг юм.
Тус арга хэмжээ Сагсай суманд зохион байгуулагддаг тул орон нутгийн бүргэдчид өргөнөөр оролцдог бөгөөд өнгөрсөн жил 60 гаруй бүргэдчин оролцсон бол энэ жил мөн ойролцоогоор 60 хүн бүртгэжээ.
