Монгол Улсын цэргийн баг Хаити улсад ‘‘Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026-09-01 16:001min
20260901-160038-file.jpeg
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Хаити улсад НҮБ-ын ‘‘Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ‘‘Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсын ‘‘Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Үйл ажиллагааны өмнөх бататгах сургалтаар мандат, цэргийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны цагийн байдал, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хамгаалах болон энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах, ажиллагааны үеийн харилцан ажиллагааг хамарсан чухал чиглэлүүдээр мэдээлэл өгч, нэгэн ойлголттой болсон байна.

Цэргийн баг бусад улсын хүчнүүдтэй уялдаа холбоотой ажиллах бэлтгэлээ бүрэн хангаж, ‘‘Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Олон улсын цэргийн ажиллагааны командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Хошууч генерал Б.Эрдэнэбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь 2024-2025 онд НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны командлагчаар ажилласан туршлагатай юм.

Мөн генерал Б.Эрдэнэбат 2013-2014 онд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 850 хүний бүрэлдэхүүнтэй Монгол батальоны ахлагчаар ажиллаж байсан бөгөөд Ирак, Либери, Судан, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад найман удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай байна.

Орон нутаг дахь ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн нь 2024 оны тавдугаар сараас төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл болон тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ажиллажээ.

Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ 2024 оны наймдугаар сард үйл ажиллагааны газар оронд ирсэн байна.