Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас авто зам дагуу үер буун, ус их хэмжээгээр тогтож, эвдрэл үүсээд байна. Тодруулбал, өчигдөр оройн 17.00 цагийн байдлаар Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд 25-26 см ус давсан бол Улаанбаатараас Чойр чиглэлд 160 метр зам дагуу хөвөө усархаг борооны улмаас угаагджээ.
Мөн Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хооронд хоёр хэсэг газраар үерийн ус давж, замын далан болон хөвөө урсаж, эвдэрсэн байна. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин нэмэгдэж, Тэшигийн гүүрийн далан 20 мерт газар сэтэрсэн тул тус чиглэлийн замыг түр хаагаад байгаа билээ.
Усархаг борооны үеэр эвдрэл гэмтэл үүссэн Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын аюулгүй зорчих байдлыг хангахаар Авто тээврийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн арга хэмжээ авсан байна.
Иймд орон нутгийг зорих иргэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Наймдугаар сарын 5-наас 12-ны өдрийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 5, 7, 8-нд зарим газраар аадар бороо, 6, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар бороо орохыг цаг уурчид мэдээлж байна.