Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ.
Тиймээс наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий:
“Энэ жил манай газраас найм, есдүгээр сар буюу залуучуудын хөгжлийн сарыг “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм. Залуучууд маань өөрсдөө хичээж, тууштай байж чадвал эх орондоо хөдөлмөр эрхэлж дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломжууд ч нээлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1893 залуучууд сургалтад хамрагдаж, 834 залуу сургалтаа амжилттай дүүргэн, 45 залуу бизнес инкубатор төвд дадлагажих хугацаандаа КОЙКА-гийн санхүүжилтээр сард 440.000 төгрөгийн тэтгэлэг авч, 120 залуу мэдээлэл, технологийн чиглэлээр ажлын байртай болж, хөдөлмөр эрхэлж байна. Одоогийн байдлаар “MKIT” сургалтын төвийг амжилттай төгссөн 13 залуучууд БНСУ-аас аутсорсинг захиалгын гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох зорилтыг дэвшүүлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулж байна. Залуучууд маань дээрх төвүүдээр дамжуулан зохион байгуулах олон талт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудлаа оновчтой шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолой, санал санаачилгийг хүргэх бүрэн боломжтой.
Мөн залуучуудын хөгжлийн сарын хүрээнд төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран Залуучуудын хөгжлийн сарын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан сурталчилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна” гэлээ.
Тус газраас эх орондоо амьдарч сурч, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг дэмжихээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д заасан зорилтын хүрээнд гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг ажлын байраар хангах, гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалах зорилгоор “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе II” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт II”, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоотой “Эерэг хандлага-Зөв шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Залуучуудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх ажлын туршлагатай, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-нд нийслэлийн “Залуучуудын хөгжлийн төв”-д зохион байгуулна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.