Ж.Энхбаярыг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнав

Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.
Түүнийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулиудыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахад мэргэжлийн өндөр түвшинд оролцсон бөгөөд бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж төрийн оролцоог хөнгөрүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж үнэлсэн байна.
Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган хаахын өмнөхөн буюу долоодугаар сарын 3-ны өдөр нийт 138 хуулийн төслийг баталсан бөгөөд үүнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой 92 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд багтжээ.
Мөн Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Х.Сүрэнхоролыг “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан байна.
