Сүүлийн үед арьс өнгөний үзэлтэй холбоотой аллага нэмэгдэж байгаатай холбогдуулан Уругвай улсын гадаад хэргийн яам АНУ-д аль болох зорчихгүй байхыг иргэддээ сануулжээ.
Мэдэгдэлд тодорхой дурдаагүй ч Бямба гарагт Техасын Эль Пасо хотод гарсан аллагын хэрэг испани хэлтэй хүмүүсийн эсрэг чиглэж байснаас ийм анхааруулга гаргасан бололтой.
Техасын Аллен хотын оршин суугч цагаан арьст залуу Эль Пасод зорьж ирээд худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэд рүү гал нээсний улмаас 22 хүн алагдсаны найм нь Мексикийн иргэд байжээ.
Тэрээр аллага үйлдэхээсээ өмнө найман сайтад Техас муж испани хэлтнүүдэд эзлэгдэж байгаа тухай харамсан бичиж байсныг сүүлд тогтоосон юм.
Мөн ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг бодлогыг дэмжиж явдгаа илэрхийлж байжээ.
Уругвайн гадаад хэргийн яамны мэдэгдэлд Балтимор, Детроит болон Нью Мексико мужийн Альбукерке хотуудад зорчихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Сонирхолтой нь өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын төрийн департмент Уругвай улсад “гэмт хэрэг” нэмэгдсэнтэй холбогдуулан аялахдаа болгоомжтой байхыг иргэддээ анхааруулж байжээ.
Энэ анхааруулгын маргааш нь АНУ-д хоёр өдөр дараалан галт зэвсэгтэй аллагын хэрэг гараад байгаа.
Зөвхөн 2019 онд АНУ даяар галт зэвсэг ашиглан бөөнөөр хядах гэмт хэрэг 255 удаа гараад байна. Дотоодын террорист халдлагад амиа алдсан Америкчуудын тоо 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаар амиа алдсан хүмүүсийн тооноос даваад байгааг тоо баримт харуулж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider