Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ.
Үер буусан гэх дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан нийт 44 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодны нутаг дэвсгэрт аадар борооны улмаас үер бууж 12 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч таван цагийн турш ажиллаж, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн борооны улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, нэг хүүхэд үерийн усанд боогдсон, мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсний-Ус соруулах газар”, “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК, “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч ажиллаж усанд автсан айл өрхийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Харин усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсган аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.