Засгийн газар хиймэл оюун, цөлжилтийн судалгаа болон COP17 хурлын бэлтгэл талаар хэлэлцэв

2026-08-12 15:011min
20260812-150107-file.jpeg
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хиймэл оюун хөгжүүлэлт, цөлжилтийн судалгааны дүн болон COP17 хурлын бэлтгэл ажил хэлэлцэгдлээ. Судалгаагаар нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн нь тогтоогдсон байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан бөгөөд тэрээр хиймэл оюун хөгжсөн, дөрөвдүгээр үйлдвэржилтийн дата үйлдвэрлэлд оролцох нь зөв гэж онцоллоо. Тэрбээр COP17 хурлын хүрээнд ногоон өгөгдөл цуглуулах төсөл танилцуулж ажиллахыг дурдсан юм.

Мөн хуулийн төсөл боловсруулах ажилд түлхүү анхаарал хандуулах бөгөөд Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж ажиллахаар төлөвлөсөн талаар мэдээлэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэн гарсныг танилцууллаа. Судалгаанд 30 гаруй жилийн хугацааны өгөгдөл ашигласан бөгөөд нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөж эхэлсэн дүгнэлт гарсан байна.

Энэхүү судалгааны дүн нь хот хөгжлийн төлөвлөлт, төсвийн хуваарилалт зэрэг төрийн бодлогын суурь болох бөгөөд эрт арга хэмжээ авах тусам цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэх боломжтойг сайд онцлов.

Мөн СОР17 хурлын бэлтгэл ажил 95 хувьтай байгаа бөгөөд жижиг тохижилт, цэвэрлэгээ, сургалтын ажлууд үлдсэн байна. Хурлын 7800 оролцогч албан ёсоор бүртгүүлжээ.

Арга хэмжээнд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан бөгөөд хурлын үеэр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж тодорхой үр дүн гарна гэж үзэж байна. Тус зардлыг хурлын үеэр 100 хувь эргэн нөхнө гэж тооцож байна.