Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд өнгөрсөн шөнө буюу 2019 оны наймдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 ажилтан усанд унаж осолдсон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан аж. Хяналт шалгалтаар ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан байжээ. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулснаас энэхүү осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.
Хууль хяналтын байгууллагууд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.