Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн хээрийн түймрийг унтраахаар очсон Онцгой байдлын дөрвөн залуу гал түймэрт өртөж, түлэгдсэн осол гарсан билээ.
Албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон залууст ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар А, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа.
Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатад Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Даатгалын компаниас 3.9 сая төгрөгийг олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тэгвэл энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллах юм байна. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан байгаа талаар дуулгав.