Бямба гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод эсэргүүцлийн жагсаал болж, нийтдээ 600 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Жагсагчид ирэх есдүгээр сард болох Москвагийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэхийг шаардаж байгаа.
Өнгөрсөн сард сөрөг хүчний нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалыг Москва хотын сонгуулийн хороо хуурамч гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм.
Өнгөрсөн Бямба гарагт энэ явдлыг эсэргүүцсэн анхны жагсаал болоход цагдаа нар 1,200 гаруй хүнийг баривчилсны дотор нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүй улс төрчид багтаж байв.
Өчигдөр сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн холбоотон Любовь Соболийг баривчилжээ. Тэрээр сонгуулийн хороо өөрийнх нь нэрийг бүртгэхээс татгалзсаны дараа өлсгөлөн зарлаад 21 хонож байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нийслэл Москвад болж буй үйл явдлын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Олон тэрбум ам.долларын төсөвтэй Москва хотын удирдлагыг Кремльд үнэнч улс төрийн бүлэглэлээс салгаж авахыг сөрөг хүчнийхэн зорьж байгаа юм.
Өчигдөр бас Оросын мөрдөгчид Навальныйн авлигатай тэмцэх санг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүний сан гуравдагч этгээдээс нэг тэрбум рубльтай ($15.3 сая) тэнцэх эх үүсвэр тодорхойгүй мөнгө хүлээж авсныг шалгаж байгаагаа албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP