Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалт оны эхний 5 сард эрс өсөв

2026-06-28 16:001min
20260628-160022-file.jpeg
2024 оны эхний таван сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50.1 хувиар, борлуулалт 70.8 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Уул уурхай, боловсруулах салбарын өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурдсанаар, 2024 оны эхний таван сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50.1 хувиар өсч, нийт 28.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.8 хувиар нэмэгдэж, 34.1 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үйлдвэрлэлийн өсөлтөд уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Түүхий эдийн бүтээгдэхүүний хувьд цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, зэс, төмрийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрсний олборлолт 5-54 хувиар нэмэгдсэн бол газрын тос, цайр болон мөнгөний баяжмалын олборлолт 6-48 хувиар буурсан байна.

Махны нийлүүлэлт 6000 гаруй тонноор буюу 49.7 хувиар буурсан нь махны үнийн өсөлтөд нөлөөлж, тавдугаар сард махны үнэ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар нэмэгдсэнээр инфляц 11.2 хувиар өсөхөд хүнсний барааны үнийн өсөлт 6.4 нэгж хувийг бүрдүүлжээ. Монголбанк зуны улиралд махны нийлүүлэлт нэмэгдсэнээр наймдугаар сараас махны үнэ буурах хүлээлттэй байгааг мэдээлсэн байна.

Мөн гурил, сүү, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, цемент, шохойн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 34 хүртэлх хувиар өссөн байна.

Оны эхний улиралд эдийн засаг 7.9 хувиар өссөн бөгөөд уул уурхай, тээврийн салбарын өсөлт голлох хувь нэмэр оруулсан байна. Харин бусад салбарын идэвхжил сул байгааг Төв банк мэдээлжээ.