Уул уурхайн салбарт улсын хэмжээнд хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар болон Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавих үүднээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар зарим аймаг, сумдад ажиллалаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 38 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, байгаль орчны бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа үүргээ биелүүлээгүй 8 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна. Заамар суманд хяналт шалгалт үргэлжилж байна.
Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Нийслэлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг шалгаж, 65 нь үйл ажиллагаа явуулж байгааг тогтоов. Тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, 6 аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн 8 аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 нийт 883 зөрчил илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд 17 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоосон байна.
Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд улсын хэмжээнд үргэлжилж байна.
