Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтыг сайжруулах чиглэл өглөө

2026-06-10 14:001min
20260610-140038-file.jpeg
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын талаар уулзаж, гэрээт компаниудын үүргийг биелүүлэх, худалдааг тогтвортой зохион байгуулах чиглэл өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотод 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан ч дөрөвдүгээр сард нийлүүлэлт багасаж, үнэ өссөн байна. Үүний улмаас тавдугаар сарын 18-нд Засгийн газраас “Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд, тогтвортой нийлүүлэх, худалдааг 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан.

Тухайн үед гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад нийт 1400 тонн нөөцийн мах байгааг тооцоолсон бөгөөд цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан махны хэмжээг орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх үүрэг чиглэлийг тавдугаар сарын 25-ны дотор гүйцэтгэхийг даалгасан ч гэрээт компаниуд хангалтгүй ажилласан гэж сайд анхаарууллаа.

Мөн нийслэлийн хяналт шалгалтаар нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгааг тогтоосон тул дутагдалтай махыг нөхөн нийлүүлэх, үнийн зөрүү болон үйл ажиллагааны зардлыг эргүүлэн төлүүлэх үүрэг өгсөн байна.

Ц.Идэрбат сайд ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид өөрсдийн бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэгүүдийг байгуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгалаа.