Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын орчимд төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажил хийгдэж байна. Гүүр нь 90 метр урт, гурван орцтой бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн байна.
Гүүрэн гарцын барилгын ажил одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон “Залуус” хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлууд хийгдэж байна. Зорчигчид гүүрэн гарцаар огцом налуугүй өгсөж уруудах боломжтой тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчдод аюулгүй, тав тухтай байх нөхцөл бүрдэх юм.
Тус гүүрэн гарцыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан бөгөөд нийт 2900 метр урт авто замын гэрэлтүүлгийн кабелийг татан ашиглалтад оруулжээ.
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлснээр гол болон туслах замуудын уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурна. Ингэснээр хөдөлгөөний урсгал тасралтгүй болж, замын сүлжээний ачааллыг оновчтой хуваарилах боломжтой болохоос гадна замын түгжрэл, саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэж хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.
