Их-Уул сумын сургуулийн захирал хүүхдийн эрх зөрчсөн хэргээр ажлаас чөлөөлөгдөв

2026-05-08 12:001min
20260508-120032-file.jpeg
Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн захирал хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гарсантай холбогдуулан албан тушаал бууруулж, шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн 13 настай сурагч гадаах жорлонд хүүхдээ төрүүлсэн бөгөөд 17 настай сурагч жирэмсэн болсон хэрэг гарсан байна. Үүний улмаас тус сургуулийн захирлыг буруутган албан тушаал бууруулж, насан туршийн боловсролын багшаар шилжүүлжээ. Их-Уул сумын засаг дарга уг шийдвэрийг гаргасан бөгөөд захирал нь захирамжийг хүчингүй болгуулах, өмнөх ажлаа сэргээх, ажилгүй байсан хугацааны олговор авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан байна.

Сургуулийн захирал С.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны Б/29 захирамжийн агуулга ойлгомжгүй бөгөөд захиралыг томилох, чөлөөлөх эрх нь засаг даргад байхгүй гэж тайлбарлажээ. Мөн сургуулийн орчинд болсон үйл явдал нь тогтоогдоогүй, ковидын улмаас танхимаар хичээллээгүй, цахимаар хичээллэсэн, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үр дүнг танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг өгөөгүй байхад биелүүлээгүй гэж буруутгасан гэжээ.

Сумын засаг дарга харин сургуулийн орчинд хүүхдийн эрх удаа дараа ноцтой зөрчигдсөн нь захирал ажлаа хайхрамжгүй гүйцэтгэсэнтэй холбоотой гэж үзэж, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчсөн гэж шүүхэд тайлбарласан байна. Мөн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан бичгээр сургуулийн үнэлгээ сүүлийн тавд орсон нь тогтоогдсон тул захиралд хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзжээ.

Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2022 оны 11 дүгээр сарын 25-нд хэргийг хэлэлцээд сургуулийн захирал С.Энхжаргал ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй гэж үзэн, засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байна.

Завхан аймгийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 9-нд хэргийг хэлэлцээд С.Энхжаргалыг сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогчийн албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсний зөрүүг нэхэмжлээгүй гэж үзсэн байна.

Засаг дарга дээрх хоёр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 6-нд Улсын Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд сургуулийн захирал нь суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргээ хангалттай биелүүлээгүй нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэн байна. Үүний улмаас хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гарсан тул захиралд хариуцлага тооцох засаг даргын захирамж хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. Ингэснээр С.Энхжаргал буруутай гэж үзэж, түүнд хариуцлага тооцсон Засаг даргын шийдвэр зөв болсон байна.